Saturday, December 5, 2009

Полигоны бүтэц


3 хэмжээст объектыг бүрдүүлэгч үндсэн элемент нь полигон буюу олон өнцөгт юм.3 хэмжээст график програмчлалд гурвалжин хамгийн чухал полигон юм.Учир нь гурвалжин доорхи гурван шинжийг байнга хадгалж байдаг.
1) Гурвалжин гүдгэр хэлбэртэй
2) Гурван орой нь байнга нэг хавтгайд оршино.
3) Өөрөө өөрийгөө огтлохгүй.
Гүдгэр хэлбэртэй гэдэг нь дурын шулуун татахад зөвхөн хоёр талыг л дайрч огтлох бөгөөд  дотоод өнцөгүүд нь 180 градусаас бага байна. Жирийн нэг дөрвөлжин шооноос эхлээд машины загвар хүртэл бүгд л хоорондоо ирмэгээр холбогдсон вертекс оройнуудын цуглуулга юм. Тиймээс вертексүүд хаана  байрлаж байгааг мэдэж байх нь тун чухал. 3 хэмжээст графикт загварыг бүрдүүлэгч вертексийг удирдах болон харахдаа Картезын координатын системийг ашигладаг. 10 жилийн алгебрийн хичээл дээр энэхүү системийн хоёр хэмжээст хувилбар дээр график зурж үзээгүй хүн байхгүй байх. Х ба Ү  гэсэн перпендикуляр тэнхлэгийн дагуу харгалзах утгыг оноосон байдаг.
  Вектор ба нормал
Та дэлгүүрт явж байгаад худалдагчаас бие засах газар хаана байгааг асууя гэж бодъё. Тэгтэл 100 метр гэж хариулбал та юу гэж ойлгох вэ? Харин гараараа заагаад тэр зүг рүү 100 метр яв гэж хэлбэл тун төвөггүй олно.Энэ тохиолдолд худалдагч вектор гэсэн үг. Түүний заасан зүг нь векторын чиглэл харин 100 метр гэдэг нь магнитуд буюу урт нь болно гэсэн үг. Координатын эхийг ямар нэг цэгтэй холбосныг вектор гэж ойлгож болно. Хоёр цэгийг холбосон эхлэл ба төгсгөлтэй вектор нь  шугаман алгебрын онолд хэрэглэгддэг боловч компьютер графикт ихэвчлэн координатын эхлэлийг төгсгөлийн цэг гэж  авч үздэг.Векторыг скаляр тоогоор үржүүлэхэд чиглэл өөрчлөгдөхгүй бөгөөд уртын хэмжээ л өөрчлөгдөнө.Вектор нэмж хасах үйлдлүүдийг  хэрхэн гүйцэтгэхийг алгебрын хичээлд үзсэн.
Векторын уртыг олохдоо |v|= √(x2 + y2 + z2) тэнцэтгэлийг ашигладаг.
        Нормал буюу нэгж вектор гэж магнитуд нь 1- тэй тэнцүү векторыг хэлдэг. Нэгж урттай векторыг ашиглан тооцоолол хийхэд тун хялбар. Жишээ v(5,1,2) гэсэн векторыг нормалчилж  үзье. урт(v) =5.47723 байна. к=Нормалчлах(v) үйлдэл хийсний дараа к(x,y,z) нь
 x=0.9128
 y=0.1825
 z=0.3651
болсон байна. Харин урт(к)=1 байна. Нормалчлах үйлдэл хийхэд чиглэл огт өөрчлөгдөхгүй.

No comments:

Post a Comment